СПОРТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОВХИМОЛ #4

СПОРТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОВХИМОЛ · №04

🏀Сагсан бөмбөгийн лигийн спонсорууд, 🏆Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол, 🥇Азийн наадмын дүн

Дээд лиг · Алтан цом · Азийн наадам

📅2026.10.06 · ⏱️~8 минут · Мягмар гараг бүр 07:40

Дээд лигийн шинэ улирал эхэллээ. Энэ дугаарт 10 багийн болон лигийн спонсоруудыг салбараар нь зураглаж, Алтан цомын баг бүрдүүлэх шинэчлэлийг харлаа. Мөн Азийн наадмаа өндөрлүүлсэн Монголын багийн амжилтыг тоймлон хүргэж байна.

60 секундэд — 3 гол дохио

01 The League - Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг - багуудын 57, лигийн 6 спонсор, түншийн нэрийг нэгтгэв. Санхүүгийн ангилал 21 нэр буюу 33.3%-ийг эзэлж байна.

02 Ш.Энхийн-Од “Орландо Мэжик“ багтай 10 хоногийн гэрээ байгууллаа - Майк маань түүхийг бичсээр байна.

03 Азийн наадам — Монголын баг нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медальтайгаар 27 дугаар байрт жагслаа.

🌍 ДЭЛХИЙН СПОРТЫН БИЗНЕС

🎾01. WTA шагналын сангаа санхүүгийн бүтэцтэй холбожээ

Баримт WTA 2027 оноос ATP/WTA хамтарсан бүх 1000 ангиллын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчдын шагналын мөнгийг тэнцүүлэхээ зарлав. Мөн сонгосон тэмцээнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Tournament Investment Fund (тэмцээний хөрөнгө оруулалтын сан) бий болгохоор мэдээлжээ.

Яагаад чухал вэ? Шагналын бодлого нь тэмцээний нэр хүнд, тамирчны оролцоонд шууд нөлөөлдөг. Харин энэ төсвийг төлбөрийн эх үүсвэр, хугацаатай нь холбож байж тогтвортой хэрэгжүүлнэ. Манайд ч бас шагналын сан өндөр ч тэр нь тогтвортой биш, эсвэл шагналаа их тавьж, үйл ажиллагаагааны төсвөө багадуулах тохиолдол их байдаг шүү дээ. Үндэсний бөхийн Бөхийн өргөөний барилдаануудын шагналын сан шууд оролцоотой холбогддог жишиг бий.

02. ⚽ Манчестер Ситигийн £900 саяын санхүүгийн хэрэг: клуб давж заалдлаа

📰 Баримт Премьер лиг есдүгээр сарын 29-нд бие даасан комиссын шийдвэрийг нийтэлж, Манчестер Сити 2009–10-аас 2017–18 оны есөн улиралд санхүүгийн дүрмийг ноцтой зөрчсөн гэж мэдээллээ. Комиссын дүгнэлтээр клуб бодит нөхцөлийг өөрөөр харуулсан арилжааны гэрээнүүдээр орлогоо өсгөж, зардлаа бууруулан тайлагнасны нийлбэр нөлөө 900 сая фунт стерлингээс давжээ.

⚖️ Одоогийн нөхцөл Манчестер Сити зөрчил гаргаагүй гэсэн байр сууриа хадгалж, аравдугаар сарын 1-нд давж заалдах хүсэлт гаргасан. Шийтгэлийн асуудал эцэслээгүй бөгөөд комиссын дүгнэлт, давж заалдах ажиллагаа, шийтгэл нь тусдаа үе шаттай үргэлжилж байна.

💡 Яагаад чухал вэ? - Спонсорын гэрээний нэр, үнийн дүнгээс гадна мөнгөний бодит эх үүсвэр, төлбөрийн урсгал, тайлагнал нь клубийн өрсөлдөх эрхэд нөлөөлж болно. Санхүүгийн засаглал спортын үр дүнтэй шууд холбогдож байна.

🛠️ Менежментийн санаа Монголын клубүүд ААНОАТ-ын хөнгөлөлтийн тухай хууль гарснаас хойш хандивын мөнгөнууд цутгаж эхэлсэн. Харин эзэмшигчийн санхүүжилт, спонсорын орлого гэх мэтээр ангилахгүйгээр тус тусад нь бүртгэхгүй буйгаас болж сахилга бат замбараагаа алдаж байна. Яваандаа лигийн түвшинд бүх багт ижил тайлагналын шаардлага тавих нь багтаа ч хэрэгтэй, шударга өрсөлдөөнд ч хэрэгтэй буй за.

МОНГОЛЫН СПОРТЫН БИЗНЕС

03

🏀Сагсны Дээд лигийн спонсорын зураглал: санхүүгийн салбар 21 нэрээр тэргүүлэв

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 10 багийн 57 брэнд, лигийн зургаан спонсорыг нэгтгэн салбараар ангиллаа.

Санхүүгийн брэндүүдийн төлөөлөл өндөр

Банк, санхүү, даатгал, төлбөрийн үйлчилгээний 21 нэр нийт бүртгэлийн 33.3%-ийг эзэлж байна. Үүнээс 19 нь багийн, хоёр нь лигийн түвшинд бүртгэгдсэн. Хүнс, ундаа, хоол үйлчилгээ 10; уул уурхай–үйлдвэр–эрчим хүч найм; барилга–дэд бүтэц–үл хөдлөх долоон нэртэй. Мөн дээрх нэрэнд лигийн ханган нийлүүлэгч дэмжигч статустай BlueMon Nike, BMW брэндүүдийг нэмэх нь зүйтэй.

SPOK-ИЙН ӨНЦӨГ

Логогоо байрлуулахын зэрэгцээ үзэгчийг хэрэглэгч болгох механизмаа төлөвлөж эхэлжээ: , урамшуулал, аппын бүртгэл, давтан ашиглалт, шинэ харилцагч үүсгэх, байгууллагын түншлэлээ өсгөх гээд олон л байдлаар оролцож байна.

Баг бүрийн спонсор, түншүүд

Соно Бродерс 10, Барууны Дайчид найман нэрээр хамгийн урт жагсаалттай. 10 багийн найм нь санхүүгийн ангиллын дор хаяж нэг түнштэй.

💼 Энэ нь бизнест юу хэлж байна вэ?

🥤 Хүнс, ундааны түншүүдэд тоглолтын өдрийн борлуулалт, бүтээгдэхүүн туршуулах боломж бий.

🩺 Эрүүл мэндийн түншүүдэд тамирчны сэргэлт, үзэгчийн эрүүл амьдралын хөтөлбөртэй холбогдох боломж байна.

💡 Эдгээр нь салбарын бүтцээс гаргасан редакцын тайлбар юм.

💰 Брэндийн тоо олон байх нь өндөр төсөвтэй гэсэн үг биш.

04

🏆 Алтан цом багийн брэндийг улирлын бүтээгдэхүүн болгох боломж

📰 Есдүгээр сарын 25-ны багуудын уулзалтаар компани, клуб, аймгийн дэвжээнүүд баг бүрдүүлэн оролцож, баг бүр найман бөхөө шууд сонгох журмыг хэлэлцэн эцэслэснийг МҮОНРТ мэдээлэв. Өмнөх бэлтгэл уулзалтын мэдээлэлд шинэ улирлыг арваннэгдүгээр сард эхлүүлэхээр дурдсан. Нээлтийн яг өдөр, эцсийн багуудын жагсаалт одоогоор хараахан бэлэн болоогүй байна.

💡 Яагаад чухал вэ? Бүрэлдэхүүнээ сонгодог баг үзэгчидтэй улирлын турш харилцах түүхтэй болно. Багийн танилцуулга, бөхийн бэлтгэл, өрсөлдөөний түүх нь ивээн тэтгэгчид хүргэх тогтмол агуулга болж чадна.

💰 Цаашдаа бөхчүүдийн цалин хөлс өсөж, багуудын эдийн засгийн өрсөлдөөн сагсан бөмбөгийн лигийнхтэй адил эрчимжих нь гарцаагүй биз ээ.

🎯 Менежментийн санаа Багийн нэр, лого; бөхийн нэр, дүр төрх; тэмцээний медиа, архив; талбайн зар сурталчилгаа гэсэн эрхүүдийг ялгаж төлөвлөх шаардлага бий болж байна. Багийн түнш ба тэмцээний түншийн ангиллын зөрчлийг урьдчилан шийдэх хэрэгтэй.

МОНГОЛЫН СПОРТ

05

Монголын баг Азийн наадмыг 15 медальтай өндөрлүүллээ

📍 Японы Айчи муж, Нагояа хотод зохион байгуулсан Азийн зуны спортын XX наадам аравдугаар сарын 4-нд өндөрлөлөө.

Монголын баг тамирчид 🥇 нэг алт, 🥈 нэг мөнгө, 🥉 13 хүрэл, нийт 15 медаль хүртэж, медалийн чанараар 45 орноос 27 дугаар байрт жагслаа.

Спортын холбоод баг тамирчдынхаа оролцооны санхүүжилтийг өөрсдөө бүрдүүлж, зардлаа хариуцсан. Харин төрөөс Азийн XX болон Пара Азийн V наадамд оролцох баг тамирчдын зардалд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын нөөц сангаас 248 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.

Эх сурвалж: iSee / МОНЦАМЭ · МҮОНРТ

🚨 ШУУРХАЙ: Майк Шаравжамц NBA-ийн Орландо Мэжик багтай гэрээ байгууллаа

🇲🇳 Монголын шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од буюу “Mongolian Mike”-тай гэрээ байгуулснаа Orlando Magic баг АНУ-ын цагаар аравдугаар сарын 5-нд зарлалаа.

📝 Ямар гэрээ вэ? Orlando Sentinel-ийн сэтгүүлч Жэйсон Бидийн мэдээлснээр энэ нь Exhibit 10 нөхцөлтэй гэрээ юм. Баг түүнийг гэрээ байгуулсан өдрөө бүрэлдэхүүнээс чөлөөлж, NBA-ийн хөгжлийн лиг болох G League-ийн Osceola Magic багт тоглох замыг бэлтгэхээр төлөвлөжээ. Тус багт дор хаяж 60 хоног байвал гэрээний нөхцөлийн дагуу нэмэлт урамшуулал авах боломжтой.

🏀 Энэ нь юу гэсэн үг вэ? Майк ийнхүү Монголын сагсан бөмбөгийн түүхийн алтан хуудсыг бичсээр явна. Түүний өвөө, түүний аав цаг үе бүртээ Монголын сагсан бөмбөгийн хурц одууд, стандартыг тогтоогчид байсан бол гурав дахь үе дээрээ бидэнд гайхамшгийг үзүүллээ.

СПОРТЫН ӨГӨГДӨЛ ШИНЖИЛГЭЭ

06

Data Deus-ийн дэмжлэгтэй

📊 Нэг том тоглолтын хандалт улирлын нийт эрэлтийг илэрхийлэхгүй

📰 Баримт Судалгааны Nielsen байгууллагын мэдээллээр АНУ-ын FBS коллежийн хөлбөмбөгийн дамжуулалт улирлын эхний дөрвөн долоо хоногт дунджаар 1.7 сая үзэгчтэй, өмнөх оны ижил хугацаанаас 11% бага байжээ. Харин Texas–Ohio State тоглолт 14 сая үзэгч татсан.

🎯 Менежментийн санаа Лиг болон тэмцээн зохион байгуулсан хүмүүс тайландаа дундаж болон медиан үзэлт, нийт үзсэн хугацаа, эргэн ирсэн үзэгчийн хувь, суваг тус бүрийн хэмжилтийг хамтад нь оруулах хэрэгтэй. Сошиал үзэлт, телевизийн дундаж үзэгч, тасалбарын нэвтрэлтийг нэг “reach” тоонд шууд нэмэхгүй.

💡 Тиймээс тамирчдын гүйцэтгэлийн датагаас гадна үзэгч, тасалбар, борлуулалт, түншлэлийн өгөгдлийг тогтмол бүртгэж, менежментийн шийдвэрт ашиглах шаардлага үүсэж байна.

🤝 Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Data Deus компани бий болсныг мэдсэн үү?

СПОРТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

07

KELME Mongolia-ийн дэмжлэгтэй

👟 NIKE борлуулалт буурсан ч эрэлт бий болгох зардлаа өсгөв

📰 Баримт NIKE аравдугаар сарын 1-нд нийтэлсэн FY2027 эхний улирлын тайландаа орлогоо 11.2 тэрбум ам.доллар, жилийн өмнөхөөс 4% буурсан гэж мэдээлэв. NIKE Direct орлого 8%, бөөний борлуулалт 1% буурсан бол эрэлт бий болгох зардал 5% өсжээ. Энэ улирал 2026 оны наймдугаар сарын 31-нд дууссан.

💡 Яагаад чухал вэ? Борлуулалтын суваг ба маркетингийн хөрөнгө оруулалт өөр чиглэлд хөдөлж болно. Эрэлт бий болгох зардлын өсөлт нь бүхэлдээ спортын ивээн тэтгэлгийн төсөв өссөн гэсэн үг биш.

🎯 Өмсгөлийн нийлүүлэлтээс гадна борлуулалтын төлөвлөгөө санал болгож болно: урьдчилсан захиалга, лицензтэй бүтээгдэхүүн, тоглолтын өдрийн худалдаа, буцаалт ба үлдэгдлийн нөхцөл. Өгөөжийг нийт борлуулалтаас гадна ашиг, үлдэгдэл, давтан худалдан авалтаар хэмжинэ.

🤝 Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийг NIKE брэнд, БлюМон групп ивээн тэтгэдэг билээ.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ДОХИО

08

✈️ 841 мянган жуулчин: спортын эвентэд ямар боломж байна вэ?

📰 Баримт Монгол Улс 2026 оны эхний есөн сард 841,506 гадаадын жуулчин хүлээн авсныг Монголын аялал жуулчлалын байгууллагын мэдээлэлд тулгуурлан МОНЦАМЭ аравдугаар сарын 2-нд мэдээлэв. Зөвхөн есдүгээр сард 107,233 жуулчин иржээ.

💡 Яагаад чухал вэ? Спортын тэмцээн аяллын хөтөлбөрийн нэг хэсэг болох боломжтой. Үндэсний бөхийн барилдаан, сагсан бөмбөгийн тоглолт, оролцож болох спортын арга хэмжээг жуулчдад ойлгомжтой, захиалахад хялбар бүтээгдэхүүн болгож чадвал тасалбараас гадна хоол, тээвэр, дурсгалын бүтээгдэхүүний борлуулалттай холбож болно. Энэ нь аялал жуулчлалын мэдээллээс гаргасан редакцын боломжийн зураглал юм.

🎯 Менежментийн санаа Аяллын компани, зочид буудлуудтай хамтран “тоглолт үзэх + тээвэр + хоол” багцыг туршиж үзье. Үүний суурь нь урьдчилан зарласан хуваарь, англи хэл дээрх тайлбар, цахим тасалбар, тодорхой үнэ байна.

💰 Үр дүнг төлбөртэй захиалгын тоо, нэг зочны дундаж худалдан авалт, багцын ашиг, бодитоор цугларсан мөнгөөр хэмжинэ. Жуулчдын урсгалаас спортын бизнест орлого үлдээх ажил эндээс эхэлнэ.

✈️ Нисэх буудлын өргөтгөл: олон улсын спортын эвентийн суурь

📰 Баримт Есдүгээр сарын 29-ний Монгол–Японы дээд түвшний уулзалтаар Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх иений зээлийн тухай ноот бичигт гарын үсэг зурж, солилцсоныг хоёр тал сайшаасныг Японы Гадаад хэргийн яам мэдээлэв. Агаарын холболтыг сайжруулахад нисэх буудлын хамтын ажиллагаа чухал болохыг мөн онцолжээ.

💡 Яагаад чухал вэ? Олон улсын тэмцээн зохион байгуулахад аренаас гадна баг тамирчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид хэрхэн ирэх нь чухал. Агаарын тээврийн хүртээмж сайжрах нь Монголд тэмцээн, бэлтгэлийн бааз, спортын аялал зохион байгуулах боломжийг дэмжиж болно. Энэ нь мэдээнээс гаргасан редакцын дүгнэлт юм.

🎯 Менежментийн санаа Олон улсын эвентийн саналд нислэгийн маршрут, зорчих хугацаа, багийн тээвэр, тоног төхөөрөмжийн ачаа, байрлах нөхцөлийг нэгтгэн тооцъё. Агаарын тээвэрлэгч, зочид буудал, аяллын компанитай хамтарсан багц нь зохион байгуулагчийн борлуулах бүтээгдэхүүний нэг хэсэг болж чадна.

Монголын Спортын Корпораци

Спортын мэдээнээс бизнесийн шийдвэр хүртэл.

Мягмар гараг бүр 07:40-д, Улаанбаатарын цагаар. Эмхтгэлд бүртгүүлэх

Таалагдсан бол салбарын нэг хүндээ дамжуулаарай. Санал, шүүмж, дараагийн сэдвээ эмхтгэлийн имэйлд шууд хариу бичиж илгээнэ үү.